Monday, July 13, 2020

ТОГЛОХЫН ӨМНӨ МЭДЭХ ЗҮЙЛС

ГО ГЭЖ ЮУ ВЭ?

Го нь 4000 жилийн түүхтэй стратеги тактик хослуулсан оюуны хөлөгт тоглоом, оюуны спорт, соёлын өв юм. Маш энгийн бүтэцтэй боловч хүн төрөлхтний бүтээсэн хамгийн агуу хөлөгт тоглоомд тооцогдож байна. Хар цагаан чулуугаар хамгийн их оноог авахаар өрсөлддөг. Оноог авахдаа талбай эзлэх буюу  стратегийн, бусдын чулууг идэх буюу тактикийн арга ухааныг ашигладаг байна.



ЯАГААД ХОЖУУ ДЭЛГЭРЭВ?

Зөвхөн хаад ноёд, цэргийн жанжин, улс төрийн том албан тушаалтан тоглодог байв. Жирийн ард иргэд тогловол “ухаан задрах аюултай” байсан тул хориглосоор иржээ. 20-р зууны эхээр хаант засгууд унаснаар олон нийт чөлөөтэй тоглох болж 1979 онд анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож улмаар 1982 онд Олон улсын го-гийн холбоо байгуулагджээ.

ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

Стратеги, тактик хослуулах нь тархины зүүн баруун тархийг зэрэгцүүлэн хөгжүүлдэг байна. Го тоглох үед тооцоолох, санах, логик дүгнэлт гаргахаар зүүн тархийг ачаалладаг бол зөн совин, орон зайн, хэлбэр дүрсний харилцаа холбоогоор баруун талыг идэвхжүүлдэг байна. Мөн олон нүүдэл тооцоолсноор сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх, анхаарал төвлөрүүлэх, логик уялдаа холбоог сайжруулах эерэг нөлөөтэй нь батлагджээ. Олон улсын эрдэмтэд го тоглогч нарын тархины бичлэгийг хийж үзэхэд хоёр тал бөмбөлөг хоорондын харилцан ажиллагаа сайтай, тархины хамгийн эрт сулардаг төвүүд өндөр идэвхтэй байсан зэрэг нь тархийг хөгшрүүлэхгүй, альцхаймер, паркинсоны өвчнөөс бүрэн сэргийлдэг болохыг тогтоожээ.

ТАМИРЧИН БОЛСНООР

Дэлхийн оюуны өвд бүртгэгдсэн их спортоор хичээллэж тамирчин болсоноор Монгол улсын далбаан дор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн аварга болон бусад олон улсын чанартай тэмцээнд оролцоно. Мөн дотоодын Улсын аварга шалгаруулах багийн, ганцаарчилсан, хосын тэмцээнүүдэд оролцоно. Зэрэг цолны болзол биелүүлж ОУХМ, Спортын Мастер, Дэд мастер болох боломж нээлттэй.

КОМПЬЮТЕР БА  ГО

1997 онд шатрын дэлхийн аваргыг компьютер хожсоноос хойш 2016 онд Google компани тусгайлан бүтээсэн аварга том серверийн тусламжтайгаар AlphaGO поргаммыг хөгжүүлж анх удаа мэргэжлийн тоглогч Lee Sedol (9P)-ийг хожжээ. Гэхдээ мэргэжлийн тамирчдын 60 сая орчим өргийг цуглуулж түүнээс хамгийн шилдэг хариу нүүдлийг хайж олох аргыг хэрэглэв. Энэ нь Lee Sedol түүхийн эсрэг тоглосонтой адил зүйл юм. Дараа нь DEEPMIND өөрөө сурах (machine learning) аргыг нэвтрүүлжээ. Ингээд Го нь хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй оюуны спорт болохыг компьютер баталж өгөв.

ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАВ

Манай улсад эртнээс “мягман” нэртэйгээр тоглож иржээ. Орчин цагийн го нь 2000 оноос дэлгэрч эхлээд 201З онд одоогийн Монголын Го-гийн Холбоо байгуулагдаж Олон Улсын Го-гийн Холбоо, Дэлхийн хос тоглолтын го-гийн холбоо, Азийн го-гийн холбоонд гишүүнээр элсжээ. Мөн Биеийн тамир Спортын газар, Олимпийн хорооны гишүүнээр бүртгүүлжээ.

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНҮҮД

Инчён-2013 Азийн наадамд оролцов. Мөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээ, БНСУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит олон улсын тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Хос тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцож иржээ. 2022 оны Хангжоугийн Азийн наадамд оролцохоор төлөвлөөд байна. Го нь цаашид Олимпийн төрөл болох зорилттой юм. Тэмцээний талаархи мэдээллийг ЭНДЭЭС аваарай. 

МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИД

Дэлхийн хэмжээнд өөрийн онцлогоос шалтгаалж мэргэжлийн салбар нь хүчтэй хөгжсөн спорт бол Го юм. Одоогоор дэлхийд Япон Солонгос Хятад Тайвань мэргэжлийн тамирчин бэлтгэн гаргадаг бол ердөө 2019 оноос Европын Го-гийн Холбоо, АНУ-ын Го-гийн Холбооны анхны мэргэжлийн тамирчидаа өлгийдөн авсан билээ.

 

БИДНИЙ ЗОРИЛГО

Монголын Го-гийн Холбоо нь улсын хэмжээнд го-г түгээн дэлгэрүүлэх, сонирхогч тамирчид, клубуудын тоог нэмэгдүүлэх, Сонирхогчийн Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байр, Аваргын цомын төлөө өрсөлдөх чадвар бүхий, тив дэлхийн хэмжээний хүчтэй өрсөлдөгч болох эн тэргүүний зорилготой спортын холбоо билээ. Үүний дээр Мэргэжлийн тэмцээнд оролцож өрсөлдөх чадвартай, хамгийн өндөр зэрэг цолтой мэргэжлийн (9P) тамирчинтай болох хэтийн зорилго бидэнд бий.

                                                           ШАТАР БА ГО-ГИЙН ЯЛГАА


ГО ХҮҮХДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Тоглоом нь хүүхдийн боловсрол болон сэтгэхүйг хөгжүүлэхэд чухал байр суурь эзэлдэг гэдгийг бид ойлгоод эхэлчихсэн билээ. Баруунд хийгдсэн судалгаагаар бол хүүхдүүд шатар зэрэг хөлөгт тоглоом тоглох нь зөвхөн тархины хөгжилд бус нийгэмших, сурлагын амжилт гаргахад ч нөлөөлдөг гэжээ. Го багачуудын боловсролд ямар эерэг нөлөөтөй вэ? Японы сэтгэл судлаачид Го тоглодог хүүхдүүдийн дунд нилээн олон судалгаа хийсэн байдаг. Үр дүнд нь Го бол хүүхдийн байгалиас заяасан авьяасыг хөгжүүлэхэд тус болох хамгийн зөв зам гэж дүгнэсэн. Дэлгэрэнгүйг эндээс уншаарай. 

ТОГЛОЖ ЭХЛЭХИЙН ӨМНӨ


1. Го нь зураасны огтлолцол дээр нүүдэл хийдэг. 
2. Харын талаас эхэлж нүүдэг
3. Нэг удаа нэг нүүдэл хийнэ
4. Нэгэнт нүүсэн бол буцаж болохгүй
5. Идсэн чулууг хөлөг дээрээс авч тавьна
6. Нүүхийг хориглосон газар нүүж болохгүй
7. Коо давтахыг хориглоно. 
Дээр дурдсан ойлголтуудыг дараагийн хичээлээр үзэх болно. 

ТОГЛОЛТЫН ҮЕИЙН ЁС ЗҮЙ

1. Өөрөөс илүү тоглодог хүнд цагааныг өгнө
2. Тоглолт эхлэхийн өмнө хоёр тал бие биедээ амжилт хүсэн мэндчилгээний үг хэлдэг
3. Чулууг хөлөг дээр нүүхдээ зөөлөн тавих хэрэгтэй. 
4. Чулууны саванд гараа оруулж дуугаргах зэргийг тэвчих хэрэгтэй
5. Хэзээ ч буцаж нүүж болохгүй. 
6. Хожигдох нь тодорхой болсон бол бууж өгөх хэрэгтэй
7. Хөлөг дээр гараар нүүдлээ дүрслэх, "ам мэх" хийж шаардлагагүй зүйлс ярихгүй байхыг эрхэмлээрэй.
8. Бусад тоглогчдын хажууд очиж зааж өгөх, шогшрох гаслах зэргээр дуу авиа гаргах, магтах шүүмжлэх зэргээр нөлөөлөхийг оролдохгүй байх хэрэгтэй
9. Тоглож дууссаны дараа чулуугаа хоёр тал хамтдаа хураах ёстой. 
10. Хожигдсон тал чулуугаа шидэх, хөлгөө нураах, эсрэг тоглогчоо үл хүндэтгэх байдал гаргахгүй байвал зохино

ГИШҮҮДИЙН БАРИМТЛАХ ДҮРЭМ ЖУРАМ

Нийт гишүүд нь Олон Улсын Го-гийн Холбоо, Азийн Го-гийн Холбоо, Монголын Го-гийн Холбооны дүрэм журмыг сахин хамгаалах үүрэгтэй. Тамирчин нь Монголын Го-гийн Холбооны Гишүүнчлэлийн журам, Клубуудын журам, Улсын зэрэг цол авах журам,  Кюү дан авах журам, Тоглолтын дүрэм, Ижилсгэх тухай журам зэргийг мөрдөнө. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзээрэй



ЭНЭ ТОГЛООМД ЯАЖ ХОЖИХ ВЭ

Коо болон 2 нүд үүсгэх гэсэн хоёр дүрмийн дор илүү оноо авсан нь хожно. Илүү оноог авахдаа хамгийн их талбайг өөртөө авах буюу өрсөлдөгчийн чулууг идэх байдлаар илүү оноо авч хождог байна. Маш цөөхөн дүрэмтэй сурахад амархан боловч агуу тоглогч болоход бүх насаа зориулдаг хамгийн шилдэг хөлөгт тоглоомд тавтай морил.


Ингээд хичээлээ эхэлцгээе. Хичээлийг эндээс үзээрэй.