МОНГОЛЫН ГО-ГИЙН ХОЛБООНЫ
ЦОЛ ЗЭРГИЙН ЗӨВЛӨЛ
1. Ерөнхий зүйл
1.1. Монголын Го-гийн Холбоо нь Цол зэргийн зөвлөлтэй байна.
1.2. Цол зэргийн зөвлөл нь 5 гишүүнтэй байна.
1.3. Аливаа этгээд Цол зэргийн зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтээ Ерөнхий Нарийн бичгийн даргад бичгээр илэрхийлнэ. Уг хүсэлтэд гишүүнээр ажиллахыг хүссэн шалтгаан, ажиллах хугацааны ажлын төлөвлөгөө зэргийг танилцуулсан байна.
1.4. Удирдах зөвлөлөөс Цол зэргийн зөвлөлд ажиллах хүсэлтүүдтэй танилцаж 5 гишүүнийг томилно.
1.5. Шинээр сонгогдсон Зөвлөл эхний хурлаараа Зөвлөлийн даргаа сонгоно.
1.6. Зөвлөлийн гишүүд нь жилд хоёр удаа эсвэл шаардлагатай тохиолдолд бүрэн бүрэлдэхүүнээр цуглаж хуралдана. Мөн шаардлагатай тохиолдолд баримт бичигт гарын үсэг зурж албажуулна.
1.7. Шийдвэр гаргалтад гишүүдийн гаргасан санал нэг бүрийг хэлэлцэж, санал хурааж олонхийн саналаар шийдвэрлэнэ.
1.8. Нарийн бичгийн дарга шинээр сонгогдсон Цол зэргийн Зөвлөлийн гишүүдийн нэрсийг албан бичгээр Биеийн тамир, Спортын Улсын хороо зэрэг зохих газарт мэдүүлнэ.
2. Цол зэргийн зөвлөлийн эрх үүрэг
2.1. Зөвлөл нь тамирчдын Цол зэрэг, рейтинг, ёс суртахууны асуудал, Монгол Улсыг төлөөлж оролцох тэмцээний зохион байгуулалтад хяналт тавьж, дотоодод зохиогдох тэмцээний зохион байгуулалтад орж ажиллана.
2.2. Цол зэргийн зөвлөл нь тамирчдын Улсын Цол зэргийн болзолд хяналт тавьж ажиллана
2.3. I-III Зэрэг олгох журмын дагуу тамирчдад зэрэг олгоно.
2.4. Дан кюү олгох журмын дагуу тамирчдад 1-ээс 7 хүртэлх дан, 5кюүгээс 1 кюү хүртэлх кюүг олгоно.
2.5. Тамирчдын рейтинг бодолтод Зөвлөлийн гишүүдээс нэг гишүүн томилогдож хяналтын бодолт хийнэ.
2.6. Тоглолтын дүрэм, Холбооны бүхий л журмыг гарын үсгээр баталгаажуулж мөрдүүлнэ.
2.7. Холбооны бүхий л баримт бичгийн стандартыг батламжилна
2.8. Монгол Улсыг төлөөлж гадаад улс руу сонгон шалгаруулалтаар явах бол сонгон шалгаруулалт хийх арга зүйг батламжилна.
2.9. Сонгон шалгаруулалтаас шалгарсан тамирчдыг батламжилж, тамирчидтай гэрээ хэлцэл байгуулж, тэмцээний дараа тухайн тамирчны оролцсон тайланг хэлэлцэнэ.
2.10. Гадаадад болох тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцохдоо сонгон шалгаруулалт хийхгүй томилолт өгөх бол нийт тамирчдад зарлаж мэдэгдэнэ. ЕНБД-аар дамжуулан Холбооны ямар ч гишүүн уг томилолтод үндэслэлтэйгээр, бичгээр нэр мэдүүлнэ. Цол зэргийн зөвлөл томилолтоор явах тамирчныг нийт мэдүүлэгч дундаас сонгон батламжилж, гэрээ хэлцэл байгуулж, тухайн тэмцээнд орсон тайланг хэлэлцэнэ.
2.11. Тамирчны Цол зэргийн өөрчлөлтийн саналыг бүх гишүүдээс үндэслэлийг дурдаж, бичгээр, зөвхөн ЕНБД-аар дамжуулан Цол зэргийн зөвлөлд уламжилна
2.12. Тамирчны ёс зүйтэй холбоотой санал гомдлын асуудлыг бүх гишүүдээс зөвхөн ЕНБД-аар дамжуулан, үндэслэлийг дурдаж, бичгээр Цол зэргийн зөвлөлд уламжилна. Тэмцээний үеэр ёс зүйгүй байдал гаргах, өрсөлдөгчөө хэл амаар доромжлох, дайрч давшлах, бусдын биед халдах, бусад тамирчнаа үл хүндэтгэх, тэмцээнийг санаатайгаар үймүүлэх, сэргээшийн төрлийн бодис хэрэглэх, согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн бодис хэрэглэх, тэмцээн зохион байгуулагч болон шүүгчийн шаардлагыг үл биелүүлэх, гадаадад тэмцээнд оролцож байгаа тохиолдолд тухайн зохион байгуулагч, шүүгчийн шаардлагыг үл биелүүлэх болон тухайн улсын хууль журмыг зөрчих, тухайн улсад визний хугацаа санаатайгаар хэтрүүлэх зэрэг асуудлаар санал гомдлыг бүх гишүүдээс бичгээр үндэслэлийн хамтаар Ерөнхий Нарийн бичгийн даргад гаргаж Цол зэргийн зөвлөл холбогдох журмын дагуу шаардлагатай зохих арга хэмжээг авна.
2.13. Мөн шүүлттэй холбоотой аливаа маргааныг ЕНБДаргад бичгээр мэдүүлнэ.
2.14. Санал гомдлыг хүлээн авч 1 сарын дотор Цол зэргийн зөвлөл хэлэлцэж өөрсдийн эрх хэмжээний дагуу хуулийн хүрээнд шийдвэр гаргаж танилцуулна.
2.15. Ёсзүйн асуудал гаргасан асуудалд Цол зэргийн зөвлөл нь:
2.15.1. Сануулах
2.15.2. Тухайн тэмцээний үр дүнг хүчингүй болгох
2.15.3. Тэмцээнд оролцох эрхийг тодорхой хугацаар түдгэлзүүлэх
2.15.4. Монгол улсыг төлөөлж гадаадад тэмцээнд оролцох эрхийг тодорхой хугацаанд түдгэлзүүлэх
2.15.5. Шүүгчтэй холбоотой бол шүүх эрхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх
2.15.6. Холбогдох заавар журамтай дахин танилцахыг шаардах
2.15.7. Шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэх зэрэг арга хэмжээ авах эрхтэй.
2.16. Дотоодод зохион байгуулагдах тэмцээний дотоод бэлтгэл ажил оролцоно.
2.17. Цол зэргийн зөвлөлөөс хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг ЕНБД олон нийтэд танилцуулж гүйцэтгэлийг хангаж ажиллана.