Хятадын Хангжоу хотноо Шаньлю- Олон хотын цомын тэмцээнийг Хангжоугийн Го-гийн салбар холбооноос 2016 оны 10-р сарын 25-31 өдрүүдэд зохион байгуулж Герман, Орос, Франц Шинэ Зеланд, БНСУ, Хойд Солонгос, Монголоос баг тамирчид оролцлоо. Уг тэмцээнд түрүүлсэн тамирчин мэргэжлийн 1p дан авдаг юм байна. Хятадын хот бүрээс 3 тамирчин оролцох эрхтэй бол Хангжоугийн го-гийн академид мэргэжлийн тамирчин болохоор суралцаж байгаа 280 орчим хүүхэд залуус ухаанаа уралдуулав. Энэ академийн сургалт маш өндөр бөгөөд нэг жилд бүх Хятадын хэмжээнд төрөн гарч байгаа 20 мэргэжлийн тамирчны 12-ыг бэлддэг. Нийт 34 давхар байрны 6-28 давхар нь мэргэжлийн тамирчин болохоор бэлдэж байгаа хүүхэд залуусын дотуур байр болдог юм байна. Уг тэмцээнд Германы Бенжамин Таубер (Дэлхийн аваргад 10-р байр эзэлж байсан) болон Хятадыг төлөөлж Дэлхийн аваргад оролцож 2 удаа түрүүлж байсан Хуй нарын алдартай тамирчид оролцсон ч ердөө 30-р байранд оржээ. Нийт 9 өрөг тоглосон ба 9 өргийн дараах шилдэг 32 тамирчин сүүлчийн шийдвэрлэх 10-р өргийг тоглож дүнгээ гаргалаа. Манай улсаас оролцсон Ц.Золжаргал 3 хожил авч Хятадын Го-гийн Холбооны 3-р дан, Ц.Хатанбаатар, Г.Болд нар тус бүр 2 хожиж Хятадын Го-гийн Холбооны 2-р дангийн батламж хүлээн авлаа. Тэмцээнд оролцоход санхүүгийн туслалцаа үзүүлсэн Калихаккин ХХК болон бусад тусалж дэмжсэн хүмүүстээ талархаж байна.